ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ Төмөрбаатарын МӨНХЖАРГАЛ СОЛОНГОС ХЭЛНИЙ ӨВӨРМӨЦ ХЭЛЦИЙГ ХЭЛ, СОЁЛЫН ШҮТЭЛЦЭЭНД СУДЛАХ НЬ Мэргэжил: Хэл шинжлэл - 220100 Хэлбичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг горилсон зохиол Эрдэм шинжилгээний удирдагч Г.Томтогтох Доктор /Ph.D./, дэд профессор Улаанбаатар 2012
АГУУЛГА УДИРТГАЛ 0.1 Сэдвийг судлах үндэслэл 3 0.2 Сэдвийн судлагдсан байдал 5 0.3 Судалгааны зорилго 8 0.4 Судалгааны арга 9 0.5 Судалгааны хэрэглэгдэхүүн 9 0.6 Судалгааны шинэлэг тал 10 0.7 Судалгааны ач холбогдол 10 0.8 Судалгааны ажлыг хэлэлцүүлсэн байдал 11 0.9 Судалгааны ажлын бүтэц 12 10. Хангыль үсгийг монголоор галигласан байдал 13 I БҮЛЭГ. ӨВӨРМӨЦ ХЭЛЦ СОЁЛЫН ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДЛАГДАХУУН БОЛОХ НЬ 1.1 Өвөрмөц хэлцийн тухай уламжлалт судалгааны тойм 15 1.2 Хэл, соёлын харилцан хамаарал, соёлын хэл шинжлэлийн ерөнхий ойлголт 31 1.3 Солонгос хэлний өвөрмөц хэлцийг соёлтой холбон судалсан нь 41 II БҮЛЭГ. СОЛОНГОС ХЭЛНИЙ ӨВӨРМӨЦ ХЭЛЦ ДЭХ СОЁЛЫН БҮРДҮҮЛБЭР 2.1 Өвөрмөц хэлц үүсэх хэлний ба хэлний бус хүчин зүйл 46 2.2 Үндэсний соёлын бүрдүүлбэр өвөрмөц хэлцэд илрэх нь 67 2.3 Солонгос хэлний өвөрмөц хэлц дэх соёлын бүрдүүлбэрийг судлах нь 77 2.3.1 Нийгэм, түүх, ёс заншилтай холбоотой соёлын бүрдүүлбэр бүхий өвөрмөц хэлц 80 2.3.2 Хүн, түүний аж амьдралтай холбоотой соёлын бүрдүүлбэр бүхий өвөрмөц хэлц 87 2.3.3 Байгаль дэлхийн юм, үзэгдэлтэй холбоотой соёлын бүрдүүлбэр бүхий өвөрмөц хэлц 98 1
III БҮЛЭГ. ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТОЙ ӨВӨРМӨЦ ХЭЛЦИЙН ОРЧУУЛГА 3.1 Өвөрмөц хэлцийн орчуулгын тухайд 105 3.2 Солонгос хэлний өвөрмөц хэлцийн орчуулгад хийсэн дүн шинжилгээ 118 3.3 Үндэсний онцлогтой өвөрмөц хэлцийг орчуулах арга зам 131 ДҮГНЭЛТ 136 НОМЗҮЙ 139 ХАВСРАЛТ 151 ABSTRACT 181 2
УДИРТГАЛ 0.1 Сэдвийг судлах үндэслэл Хүн төвт хэл шинжлэлийн үзэл баримтлал өргөжин тэлэхийн хэрээр хэл соёлын харилцан хамаарал, хэлээр илэрхийлэгдэх үндэсний онцлог, хэлний нэгжид агуулагдах соёлын бүрдүүлбэрийн талаарх судалгаа өнөөдөр хэл шинжлэлд ялангуяа олон хэл, соёлын судалгааны хүрээнд чухлаар тавигдаж байна. Энэ нь нийгэм түүх, эдийн засаг, хамтын ажиллагааны гадаад хүчин зүйлээс нэг талаас хамааралтай бөгөөд нөгөө талаас орчин үеийн хэл шинжлэлийн хөгжлийн чиг хандлагатай ч холбоотой юм. Орчин үеийн хэл шинжлэлд соёлын хэл шинжлэл нэлээд чухал байр суурь эзэлж байна. Соёлын хэл шинжлэлийн нэгэн чухал судлагдахуун нь өвөрмөц хэлц бөгөөд өвөрмөц хэлц үүсэх эх сурвалжийг нарийвчлан тогтоох, өвөрмөц хэлц дэх үндэсний соёлын бүрдүүлбэрийг хэлний баримтаар тодруулах нь хэл соёл судлал, олон хэлний зэрэгцүүлсэн судалгаа, орчуулга, гадаад хэл заах арга зүй, тухайлбал солонгос, монгол хэл заах, судлахад онол, хэрэглээний чухал ач холбогдолтой. Хэлний шууд бус нэрлэлтийн нэг хэлбэр болох өвөрмөц хэлц нь үнэлэмжийн утгатай байх ба юм үзэгдэл, үйл явдал, үйл байдал, шинж чанарыг сайн-муу, сайхан-муухай, хэрэгтэй-хэрэггүй, ашигтай-ашиггүй, тустай-тусгүй, хүсүүштэй-хүсэшгүй, хүсүүштэй-үзэн ядмаар, дуртай-дургүй, зэвүүцмээр-таашаамаар, дургүйцмээр-ойшоомоор, хорсмоор-бахархмаар, баясмаар-гутмаар гэх мэт эсрэгцсэн айн солбилцолд авч үздэгээрээ сэтгэц, физиологи, танин мэдэхүйн онцгой сонин үзэгдлийн илэрхийлэл тайлал болдог. Уг үзэгдэл баримтыг өөр өөр соёл, хэлтний талаас судлахад нэн сонирхолтой үр дүнд хүрэх бололцоотой (Баянсан Ж. 2011. х.12-13). Эртний найрсаг харилцаатай монгол, солонгосын ард түмэн өнөө үед нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухааны олон салбарт тогтвортой харилцаагаа улам бүр хөгжүүлж байна. Үүний нэг тод жишээ нь монгол, солонгос судлал манай хоёр оронд амжилттай хөгжиж байгаа явдал юм. Энэ үйл хэрэгт хоёр орны шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид ихээхэн хувь нэмэр оруулж байна. Үүнээс хэл бичиг, утга зохиол судлалын судалгаа нэлээд ахицтай байна. 3
Эрдэмтэн Б.Сумъяабаатар Монгол, солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудалд (1975) сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж, монгол, солонгос хэлний гарал үүслийн талаар анхны судалгаа хийсэн. Дараа нь Ким Ки Сонъ ( 김기선 )-ы Алтай өвөг хэлний үндэслэл ба солонгос, монгол хэлний харилцаа (1994), Бёнъ Жү Ху ( 변주호 )-гийн Монгол, солонгос зүйр цэцэн үгийг утга, сэдэв, хэлбэр, уран сайхны талаар харьцуулан судлах нь (1994), Юнъ Со Үонъ ( 윤서원 )-ий Орчин цагийн монголын утга зохиолын хэлний өвөрмөц хэллэгийн зарим онцлог. Мал аж ахуйтай холбоотой өвөрмөц хэллэг (1995), Пак Бён Үк ( 박병욱 )-ийн Монгол солонгосын домог үлгэрийн харилцаа холбоо (1997), Ким Ки Сон ( 김기성 )-гийн Орчин цагийн монгол хэлний үйл үгийн цаг, түүний тогтолцоо (1998), Ким Хаг Сонъ ( 김학선 )-ий Монголын нууц товчоо болон manyoosyuu 1 -гийн тийн ялгалын харьцуулсан судалгаа (2001), Кеэ Сын Хыи ( 계승희 )-гийн Монгол, солонгосын цээрийн ёс, аман зохиолыг харьцуулан судлах нь (2001), Сун Ыи Минъ( 송의민 )-ий Монгол, солонгос хэлний өвөг хэлний тогтолцоот харилцааны судалгаа (2001), И Анъ На ( 이안나 )-гийн Монгол, солонгос аман зохиол дахь амьтны бэлгэдлийн судалгаа (2003) гэх мэт эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд гарсан. БНСУ-ын их дээд сургуульд суралцаж монгол, солонгос хэл, боловсролын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан цөөнгүй судлаачид /Кан Шинъ ( 강신 ), Д.Сайнбилэгт, Д.Эрдэнэсүрэн, Ким Хён Сү( 김형수 ), Жон Жэ Мүнъ( 정제문 ), С.Батхишиг, Г.Хангаймаа/ бий. Кан Шинъ Орчин цагийн монгол хэлний сул үг, өгүүлбэр төгсгөх нөхцөлийн судалгаа (1999), Д.Сайнбилэгт Монгол оюутнуудад солонгос хэлний хэл зүй заах сургалтын агуулга, тогтолцоог судлах нь (2005), Д.Эрдэнэсүрэн Монголын их дээд сургуулийн элсэлтийн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ (2005), Ким Хён Сү ( 김형수 ) Солонгос, монгол хэлний дагаврын харьцуулсан судалгаа (1980), Жон Жэ Мүнъ ( 정제문 ) 1 Түмэн шүлгийн түүвэр 4
Мун-о-юү-хае( 몽어유해 ) 2 зохиолын монгол хэлний судалгаа (1990), С.Батхишиг 17-18-р зууны монгол хэлний авиазүйн судалгаа (2009), Г.Хангаймаа Мун-о нуголдае( 몽어노걸대 ) 3 ба чобхае мун-о( 첩해몽어 ) 4 зохиол дахь өгүүлбэрийн бүтэц (2011) сэдвээр доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаалсан. Солонгосын их дээд сургууль, судалгааны байгууллагад хэл шинжлэл, боловсрол судлалын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан 80-аад монгол судлаач байна. /Интернетээс авсан мэдээлэл http://www.kriss.re.kr/. Даяаршин хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд олон соёлын харилцан хамаарлыг хэл шинжлэлийн хүрээнд тусгайлан судлах нь орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн ерөнхий хандлага, судалгаа шинжилгээний арга зүйд бүрнээ нийцэх юм. Аливаа хэлээр илэрч буй онцлог соёлыг өөр хэл, соёлтой харьцуулж үзэж байж ялгаа нь илэрч гарна. Манай хоёр орны иргэд, эрдэмтэн судлаачид солонгос, монгол хэлийг сурах, судлах хандлага өсөн нэмэгдэж байгаа энэ үед солонгос хэлний өвөрмөц хэлц дэх соёлын бүрдүүлбэрийг монгол хэл, соёлтны талаас судалж илрүүлэх, дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага их байна. 0.2 Сэдвийн судлагдсан байдал Өвөрмөц хэлцийг хэл зүй, утга зүй, үгийн сан, орчуулга судлалын үүднээс судалсан гадаад, дотоодын олон эрдэмтдийн судалгааны арвин баян туршлага хуримтлагдсан. Харин тэдгээртэй харьцуулахад өвөрмөц хэлц үүсэх хүчин зүйл, өвөрмөц хэлцийн орчуулгын асуудлыг үндэсний соёлын тусгал болох талаас нь нарийвчлан үзсэн нь хангалттай биш байгаа юм. Ер нь хэлний тогтвортой нийлэмжийн судалгаанд швейцарийн эрдэмтэн Ш.Балли (Ch.Bally), оросын эрдэмтэн В.В.Виноградов нар онцгой хувь нэмэр оруулснаас гадна К.Бругманн (K.Brugmann), Г.Пауль (H.Paul), Ш.Сеше (A.Sechehaye), О.Есперсен (O.Jespersen), И.А.Бодуэн Де Куртенэ (Baudouin de Courtenay), А.А.Потебня, А.А.Шахматов, Ф.Ф.Фортунатов нарын бүтээл чухал байр суурь эзэлдэг бөгөөд тэдний оруулсан хувь нэмэр их. Оросын эрдэмтэн В.В.Виноградовын Хэл шинжлэлийн салбар ухаан болох хэлц судлалын үндсэн ойлголтууд (Основные понятия русской 2 Жусонъ улсын үеийн монгол хэлний сурах бичиг. 2 боть ном. Тосгоны багш И Ог Сон 1768 онд хэвлүүлсэн. 3 Жусонъ улсын үеийн монгол хэлний сурах бичиг. 8 боть ном. Монгол судлалын хүрээлэн анх зохиож, 1741 онд хэвлэсэн. 4 Жусонъ улсын үеийн монгол хэлний сурах бичиг. 4 боть. 1790 онд хэвлэгдсэн. 5
фразеологии как лингвистической дисциплины), Орос хэлний хэлцийн үндсэн төрлүүд ( Об основных типах фразеологических единиц в русском языке ) зэрэг бүтээл 1940, 1950-аад оны үед гарч хэлц судлал хэл шинжлэлийн бие даасан салбар болж хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн. В.Виноградов хэлцийн бүрдүүлбэрүүдийн хоорондын холбоо хамаарлыг тогтоож, фразеологические сочетания (нийлэмж хэлц), фразеологические единства (нэгдмэл хэлц), фразеологические сращения (холимог хэлц) гэсэн гурван бүлэгт хуваасан бөгөөд энэ ангиллыг монгол хэлний хэлц судлалд баримталж ирсэн тухай Д.Дашдаваа дурдсан байдаг (Дашдаваа Д. 1974.х. 57). В.В.Виноградов хэлц судлалын салбарын үндсэн суурийг тавьсны дараах 20-30 жилд өвөрмөц хэлц судлал нь өөрийн сонгодог хөгжлийн эрчтэй үеийг туулсан. Үүнд Виноградовын дэг сургуулийн эрдэмтдийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй байжээ. Уг дэг сургуулийн үндсэн зорилго нь нэг талаас өвөрмөц хэлцийг үгийн сан, утгын хувьд чөлөөт нийлэмжээс хэрхэн ялгарахыг тогтоох, нөгөө талаас өвөрмөц хэлц нэрлэлтийн нэгж болохын хувьд утга илэрхийлэх шинжээрээ үгээс хэрхэн ялгарахыг тогтооход оршиж байв. Өвөрмөц хэлцийн санг тодорхойлох, тэр нь өөрийн гэсэн онцлог утга, бүтэцтэй тогтолцоот үзэгдэл гэдгийг тодорхойлох ажил 1960-аад онд оросын өвөрмөц хэлц судлалыг дэлхийн хэл шинжлэлд тэргүүлэх байранд оруулсан байна. 1960-70-аад онд хэлний тодорхой түвшинд хэлцийг судлах, судалгааны үндсэн объектыг тодорхойлох ажил эрчимжиж, хэлцийн бүтэц тогтолцоотой болохыг баталсан олон судалгааны ажлууд гарсан. Цаашилбал хэлцийн утга зүй, нэрлэлтийн нэгжийн асуудалд онцгой анхаарсан судалгаанууд ар араасаа гарсан. 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхээр утга, бүтцийн үзэл баримтлал (парадигм) хэлний судалгаанд дагнан хэрэглэгдэхээ больж хэл судлалын шинэ үзэл баримтлал үүссэн. Энэ үед өвөрмөц хэлц судлалын баримтыг үүрэг-хэлэхүй, хам сэдвийн хүрээнд харилцан үйлчлэлд нь тодорхойлж чадах тийм аргыг нэвтрүүлэх хандлага бий болж өвөрмөц хэлцийн нэгжийн утгын бүрдэлд их анхаарах болсон. Ялангуяа тэдгээр нэгжийн хэрэглээний талыг, үүнтэй холбоотойгоор дүрслэлийн гүйцэтгэх үүргийг нь өвөрмөц хэлцийн нэрлэлтийн утгын анхны суурь төдийгүй, хэл ярианы гол судас болохынх нь хувьд анхааран судлах болжээ. (В.Н.Телия. 1996. х.7-8) 6
Өвөрмөц хэлц судлалын хурдацтай хөгжлийн шатанд судалгааны хэрэглэгдэхүүн нь зөвхөн орос хэл байсангүй, хуучнаар ЗХУ-ын олон үндэстний төрөл бүрийн хэв шинжтэй хэл, бусад хэлний баримтууд байлаа. Зөвлөлт, оросын хэл шинжээчид өвөрмөц хэлцийн тухай судалгаа хийхдээ монгол хэлний хэлцийг ч мөн судалсан. Тухайлбал Т.А.Бертагаев, Г.Д.Санжеев, Г.Ц.Пюрбеев, Ц.Б.Будаев, Ш-Н.Р.Цыденжапов зэрэг эрдэмтэд монгол хэлний өвөрмөц хэлцийн судалгааны бүтээлүүд бичсэн. Б.Ринчен 1950 онд Шинжлэх ухаан сэтгүүл ( 2)-д хэвлүүлсэн Үгийн утга учир эрдэм шинжилгээний өгүүлэлдээ монгол хэлний өвөрмөц хэлцийн асуудлыг гаргаж тавьсан. Түүний дараа өвөрмөц хэлцийг утга зүй, үгийн сан, хэл зүйн бүтэц, гарал үүсэл, орчуулга судлалын үүднээс судалсан бүтээлүүд гарсан. Эрдэмтэн Чой.Лувсанжав 1966 онд Унгар улсад Монгол хэлний өвөрмөц хэллэг сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бүтээлдээ өвөрмөц хэлцийг тодорхойлон, монгол хэлний өвөрмөц хэлцийн хэл зүй, утга зүйн онцлог, гарал, бүтэц, бүрэлдэхүүний талаар дэлгэрэнгүй өгүүлсэн. Эрдэмтэн Д.Дашдаваа, Т.Пагва, Ц.Өлзийхутаг, Ж.Төмөрцэрэн, М.Базаррагчаа, Ж.Баянсан, Д.Бадамдорж, Б.Пүрэв-Очир, Ж.Бат-Ирээдүй, Г.Аким, Ц.Дашдондов, Н.Нансалмаа, Юнъ Со Үонъ, Ц.Түмэндэмбэрэл болон бусад эрдэмтэн судлаачид монгол хэлний өвөрмөц хэлцийг тодорхойлох, утга бүтцээр нь ангилах, хэлний бусад үзэгдлээс ялгах, толь бичиг зохиох онол арга зүйн бүтээлүүд туурвисан. Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном, Л.Хүрэлбаатар, Х.Лувсанбалдан, А.Лувсандэндэв, Л.Түдэв, Б.Я.Владимирцов, А.Мостэрт, А.Шаракшинова, Я.Цэвэл, Ц.Шагдарсүрэн, Ч.Догсүрэн, У.Загдсүрэн, Ц.Норжин, Бүрэнбэх, Соёлт, Ванжил зэрэг эрдэмтдийн өвөрмөц хэлцтэй холбоотой судалгаа, ном зохиол байна. Д.Дашдаваа Монгол, орос хэлний хэлцийн зэрэгцүүлсэн судалгаа /1973/ бүтээлдээ орос, монгол хэлцийн санг тодорхойлж ангилаад, хоёр хэлний хэлцийг хэл зүй, утга зүйн хүрээнд зэрэгцүүлэн, хэлцийг орчуулах зарчим, түүний дотор үндэсний өвөрмөц утгатай хэлцийг орчуулах арга замыг судалсан. Солонгос хэлний өвөрмөц хэлцийн хувьд нэр, ухагдхуун, хүрээг нь тогтоохоос эхлээд өвөрмөц хэлцийг үгийн сангийн бусад нэгжүүдээс ялгаж тодорхойлох, өвөрмөц хэлцийн үгийн сангийн утга, хэл зүйн бүтцийн талаас ангилах, гарал үүслийг тогтоох талаас нь судалсан нэлээд судалгаа бий. 7
Солонгосын эрдэмтэн Ким Жун Таег ( 김종택 ), Ким Мүнъ Чан ( 김문창 ), Ким Гюү Сонъ ( 김규선 ), Хуан Хый Ён ( 황희영 ), И Ён Хый ( 이영희 ), Пак Ён Сүнъ ( 박영순 ), Пак Жинъ Сү ( 박진수 ), Хо Ян ( 허양 ), Шим Жае Ги ( 심재기 ), Кан Үи Гюү ( 강위규 ), Чуи Гён Бун ( 최경봉 ), Хуан Сү Ми ( 황수미 ), Нам Сонъ Хён ( 남선형 ), Сон Гуан Сү ( 성광수 ), И Ёнъ Сүг ( 이연숙 ), Мүнъ Гым Хёнъ ( 문금현 )/ нарын судалгааг дурдаж болно. Орчин цагийн тайлбар толиудад өвөрмөц хэлцийг тусгах, өвөрмөц хэлцийн толь зохиоход солонгосын эрдэмтэд их амжилтанд хүрсэн / 이희승감수. 1985. 엣센스국어사전. 민중서림 ; 이숭녕감수. 1995. 새국어대사전. 한국도서출판중앙회 ; 연세대학교국어사전. 1999. 연세대학교언어개발연구원 ; 이희승편집. 2001. 국어대사전. 민중서관 г.м./. Ийнхүү өвөрмөц хэлц гадаад дотоодын хэл шинжлэлийн судалгааны чухал судлагдахуун болж ирснийг дурдаж болохоор байна. Бид энэ судалгаандаа солонгос өвөрмөц хэлцийн хэл, соёлын онцлогийг монгол хэл, соёлтны талаас судлах оролдлого хийж байна. 0.3 Судалгааны зорилго Өвөрмөц хэлцэд агуулагдах үндэсний онцлог соёлын бүрдүүлбэрийг өөр хэл, соёлтны талаас судлах, орчуулах боломжуудыг тодорхойлох үндсэн зорилготой. Үүний тулд солонгос хэлний өвөрмөц хэлцийг судлагдахуун болгон авч дараах зорилтуудыг шийдэв. Эдгээр нь: - Монгол, орос, солонгос эрдэмтэд өвөрмөц хэлцийг уламжлалт хэл шинжлэлийн хүрээнд судалсан тоймыг гаргаж, хэл шинжлэлийн шинэ чиг хандлагын үүднээс хэрхэн судалж байгааг дүгнэх - солонгос хэлний өвөрмөц хэлц үүсэх хэлний ба хэлний бус хүчин зүйлийг тодорхойлж өвөрмөц хэлц үүсэх эх сурвалжийг нарийвчлан ангилах - солонгос хэлний өвөрмөц хэлцийг монгол хэл, соёлтны талаас авч үзэж, соёлын ялгаанаас хамааралтай онцлогийг илрүүлэх - үндэсний онцлогтой өвөрмөц хэлцийн орчуулгад дүн шинжилгээ хийх, орчуулах арга замыг тогтоох зэрэг болно. 8
0.4 Судалгааны арга Уг судалгаанд ажиглах, түүвэрлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, статистик боловсруулалт хийх, жишиж зэрэгцүүлэх арга, герменевтик анализын аргыг голлон хэрэглэсэн. 0.5 Судалгааны хэрэглэгдэхүүн Судалгаанд Пак Ён Жүнъ ( 박영준 ), Чуи Гён Бун ( 최경봉 ) нарын 3700 гаруй хэлцтэй солонгос хэлний Өвөрмөц хэлцийн толь ( 관용어사전 -СХӨХТоль), Б.Лхагваа, Чуи Ги Ху ( 최기호 ) нарын 1200 хэлцтэй Солонгос, монгол хэлний өвөрмөц хэлцийн зэрэгцүүлсэн толь ( 빠산자브락바, 최기호 한국어와몽골어의관용어대조사전 -СМХӨХЗТоль), Жон Жинъ Чоль ( 정진철 )-ийн 190 өвөрмөц хэлцтэй Монголчуудад зориулсан солонгос хэлний өвөрмөц хэллэгийн толь бичиг (Ж.Ж.Ч.), И Жае Үнъ ( 이재운 ), Кү Ми Ра ( 구미라 ), И И Уг ( 이이옥 ) нарын Түгээмэл хэрэглэдэг 1000 өвөрмөц хэлц ( 뜻도모르고자주쓰는우리말숙어 1000 가지 ) толиос түүвэрлэсэн нийт 3800-аад хэлцэд тулгуурлан судалгаа хийсэн. Өвөрмөц хэлцийн утга, хэрэглээг тодруулах үүднээс БНСУ-ын Соёл боловсролын судалгааны хүрээлэнгээс гаргасан Дахин унших ёстой манай зохиолууд-5 ( 문화교육연구회 다시읽어야할우리소설 5 ), И Жон Мён ( 이정명 )- ы Урт үндэст мод ( 뿌리깊은나무 ), И Чоль Хуанъ ( 이철환 )-ий Нүүрсний зам ( 연탄길 ) зохиолоос 200 гаруй өвөрмөц хэлцийг жишээ өгүүлбэрийн хамт түүвэрлэн судалсан. Нийт хэрэглэгдэхүүнээс үндэсний соёлын бүрдүүлбэртэй гэж үзэхүйц 500-аад хэлцийг ялган авч дүн шинжилгээ хийв. Солонгос хэлний өвөрмөц хэлцийн орчуулгын судалгаанд монгол хэлэнд орчуулагдсан БНСУ-ын ерөнхийлөгч И Мён Баг ( 이명박 )-ийн Ажлаар амьсгалсан он жилүүд ( 신화는없다. орчуулсан Ж.Баттөр), И Мүнь Ёль ( 이문열 )-ийн Манай ангийн овгор ( 우리들의일그러진영웅. орчуулсан Д.Эрдэнэсүрэн), И Жон Сүг ( 이정숙 )-ийн Солонгосын домог үлгэр ба хууч 9
яриа ( 전설과야화. орчуулсан Д.Уугантуяа) зохиолоос 214 өвөрмөц хэлц, тэдгээрийн орчуулга, Монголчуудад зориулсан солонгос хэлний өвөрмөц хэллэгийн толь бичиг (Жон Жинъ Чоль)-ийн 192 өвөрмөц хэлц, нийт 406 хэлцийн орчуулгад дүн шинжилгээ хийлээ. Үүний зэрэгцээ 1200 орчим өвөрмөц хэлцтэй Солонгос, монгол хэлний өвөрмөц хэлцийн зэрэгцүүлсэн толь (Б.Лхагваа, Чуи Ги Ху), Г.Акимын Монгол өвөрмөц хэлцийн товч тайлбар толь (МӨХТТТоль)-ийг орчуулгын оноолтод дүн шинжилгээ хийхэд тулгуур болгон ашигласан. 0.6 Судалгааны шинэлэг тал Хэл шинжлэлийн харьцангуй залуу салбарын нэг болох соёлын хэл шинжлэлийн судалгаа эрчимжиж байна. Тогтвортой хэллэг, ялангуяа түүний нэг төрөл болох өвөрмөц хэллэг /idiom/-т тухайн үндэстний уламжлалт аж ахуй, эртнээс нутаглан суурьшсан газар орны байгаль, цаг уурын онцлог, бүтээн цогцлуулсан эд өлөг хийгээд юуг эрхэмлэн дээдэлж, юуг цээрлэн жигшдэг зэрэг зан заншил, шашин шүтлэгийн уламжлал, эдгээрийн тухай хэвшсэн ойлголт, ухаарал, мэдлэг, боловсролын бүхий л байдал туссан байдгаараа үндэстний сэтгэлгээ, соёлынх нь өвөрмөц байдлыг тандан судлах чухал баримт болдог (Баянсан Ж. 2002. Х.43) учраас хүн төвт хэл шинжлэлийн чухал судлагдахуун юм. Солонгос хэлний үгийн сангийн соёлын бүрдүүлбэрийн тухай судалгаанууд бий /Жу Хан Руг( 조항록 ), Им Гён Сүнъ ( 임경순 ) зэрэг/ боловч өвөрмөц хэлц дэх үндэсний онцлогийг тусгайлан авч үзсэн, цаашлаад монгол хэлэнд орчуулах талаар судалсан нь одоо хэр үгүй тул энэхүү судалгааг шинэлэг гэж үзэх үндэслэлтэй юм. 0.7 Судалгааны ач холбогдол Өвөрмөц хэлцийг соёлын хэл шинжлэлийн нэгэн чухал судлагдахуун болгон авч үзэж, өвөрмөц хэлц үүсэх эх сурвалжийг нарийвчлан тогтоох, өвөрмөц хэлц дэх үндэсний соёлын бүрдүүлбэрийг илрүүлэх, орчуулах аргыг тодорхойлох оролдлого хийсэн нь цаашид ийм төрлийн судалгааг дэлгэрүүлэхэд, түүнчлэн хэл соёл судлал, олон хэлний зэрэгцүүлсэн судалгаа, орчуулга, гадаад хэл заах арга зүй, тухайлбал солонгос, монгол хэл заах, судлахад онол, хэрэглээний чухал ач холбогдолтой. 10
Энэхүү судалгаанд дэвшүүлсэн урьдчилсан шинжтэй санал дүгнэлтийг үгийн сангийн судлал, утга судлал, хэл зүй, найруулга зүй, орчуулгын хичээлийн холбогдох хэсэгт хэрэглэгдэхүүн болгон үзэж болно. Мөн судалгааны тодорхой хэсгийг орчуулгын болон өвөрмөц хэлцийн толь бичиг зохиоход ашиглаж болох юм. 0.8 Судалгааны ажлыг хэлэлцүүлсэн байдал Судалгааны сэдвээр ШУТИС-ийн ХБС-ийн эрдэм шинжилгээний хурал, Буриадын улсын их сургуулиас зохиосон олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, МУИС-ийн ОУХС-иас зохиосон онол практикийн бага хурал, МУИС-ийн ГХСС-ийн Солонгос судлалын тэнхим, БНСУ-ын Солонгос хэлний сургалтын нийгэмлэг хамтран зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал, Монголын залуу эрдэмтдийн Хүрэл тогоот эрдэм шинжилгээний бага хуралд нийт долоон илтгэл хэлэлцүүлж, хураангуйг хэвлүүлсэн. Мөн МУИС-ийн ГХСС-ийн Солонгос судлалын тэнхимээс эрхлэн гаргадаг Солонгос судлал сэтгүүл, Улаанбаатар ДС-ийн Солонгос судлал сэтгүүлд тус тус өгүүлэл нийтлүүлсэн. Үүнд: 1. Хүний бие эрхтний нэр орсон монгол, солонгос өвөрмөц хэлцийг харьцуулах нь. МУИС-ийн ГХСС. Солонгос судлал 1. 2004. 71-77х. 2. Монгол, солонгос хэлний үндэсний онцлог үгийг орчуулах нь. МУИС ОУХДС. Орчуулах эрдэм II. 2009. 121-129 х. 3. Үндэсний онцлогтой үгсийн орчуулга, сургалт арга зүйн тухай. ШУТИС ХБС Хавсарга хэл шинжлэл. Эрдэм шинжилгээний бичиг. Тусгай дугаар 2010. 45-53 х. 4. Солонгос өвөрмөц хэлцэд илэрч буй үндэсний онцлог. ШУТИС ХБС Хавсарга хэл шинжлэл. Эрдэм шинжилгээний бичиг. 2011. 88-91 х. 5. Отражение культурных особенностей в фразеологии корейского языка. Буриадын улсын их сургууль. Россия-Азия: Ценностные установки и социальный опыт сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл. 2011. 116-119 х. 6. Солонгос өвөрмөц хэлцийн хэл зүйн бүтцийн тухай. ШУТИС ХБС. Хавсарга хэл шинжлэл. Эрдэм шинжилгээний бичиг. 2012. 95-101 х. 7. Солонгос өвөрмөц хэлц үүсэх хүчин зүйлүүд. Улаанбаатар дээд сургууль. Солонгос судлал сэтгүүл. 2012. 20-31 х. 11
8. Cultural linguistics research on Korean Idioms Монгол, солонгос хэлний сургалт: Солонгос хэлийг гадаад хүнд заах нь сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний их хурлын эмхэтгэл. МУИС ГХСС Солонгос судлалын тэнхим, БНСУ-ын Солонгос хэлний сургалтын нийгэмлэг. 2012. 268-272 х. 9. Үндэсний онцлогтой өвөрмөц хэлцийн орчуулгын тухайд. Хүрэл тогоот 2012 эрдэм шинжилгээний бага хурлын Нийгмийн ухааны салбарын илтгэлийн эмхэтгэл. Уб., 2012. 28-30 х. 0.9 Судалгааны ажлын бүтэц Уг судалгааны ажил үндсэн гурван бүлэг, есөн дэд бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэнэ. Өвөрмөц хэлц соёлын хэл шинжлэлийн судлагдахуун болох нь гэх нэгдүгээр бүлэгт өвөрмөц хэлцийн тухай уламжлалт хэл шинжлэлийн үзэл баримтлал, хэл соёлын харилцан хамаарал, соёлын хэл шинжлэлийн ерөнхий ойлголтын талаар, мөн солонгос хэлний өвөрмөц хэлцийн судлагдсан байдал, соёлын хэл шинжлэлийн хүрээнд солонгос хэлний өвөрмөц хэлцтэй холбогдон гарсан зарим бүтээлийн талаар тоймлон өгүүлсэн. Солонгос хэлний өвөрмөц хэлц дэх соёлын бүрдүүлбэр сэдэвт хоёрдугаар бүлэгт өвөрмөц хэлц үндэсний соёлын тусгал болох тухай, мөн өвөрмөц хэлц үүсэх хүчин зүйл, өвөрмөц хэлцэд илрэх үндэсний соёлын бүрдүүлбэр талаар өгүүлж, өвөрмөц хэлцийн соёлын бүрдүүлбэрийг солонгос хэлний өвөрмөц хэлцийн жишээгээр баримтжуулж нийгэм, түүх, ёс заншилтай холбоотой, хүн, түүний аж амьдралтай холбоотой, байгаль дэлхийн юм үзэгдэлтэй холбоотой гэсэн гурван үндсэн хүрээнд судалсан. Гуравдугаар бүлэг Үндэсний онцлогтой өвөрмөц хэлцийн орчуулга д өвөрмөц хэлцийн орчуулгын онцлог, тавигдах шаардлага, орчуулгын аргын тухай тоймлон оруулж, солонгос хэлнээс монгол хэлэнд орчуулсан зарим зохиолын өвөрмөц хэлцийн орчуулгад дүн шинжилгээ хийж, оновчтой орчуулах арга зам, боломжийг тодорхойлох оролдлого хийсэн. Судалгааны үр дүн, ач холбогдол, урьдчилсан шинжтэй санал таамаглалыг дүгнэлтийг багтаасан. Судалгааны номзүйд монгол, солонгос, орос, англи хэлээр ашигласан 166 бүтээлийн жагсаалт, судалгааны 16 хэрэглэгдэхүүн орж байна. 12
Төгсгөлд нь Солонгос хэлний үндэсний онцлогтой зарим өвөрмөц хэлцийн жагсаалт гэсэн хавсралт орсон. 0.10 Хангыль үсгийг монголоор галигласан байдал Солонгос бичиг үсгийг монголоор галиглахад нэгдмэл жишиг баримтлахгүй янз бүрээр галиглах хандлагатай байна. Иймээс авиа зүйн зарчмыг баримтлан, нарийн дүн шинжилгээ хийж, галиглах жишгийг нэг мөр болгох шаардлага тулгарч байна. Энэхүү судалгааны ажилд тийм зорилго тавиагүй тул солонгос бичиг зохиолын хэлний суурь аялгуунд суурилан, монгол хэлэнд галиглах туршлага /Б.Сумьяабаатар, Монгол хүнд зориулсан солонгос хэлний цогц сурах бичиг/-ыг харгалзан солонгос үсгийг дараах байдлаар галиглав. Гийгүүлэгч үсгийн галиг Хангыл ь үсэг Галиг Хангыль үсэг Галиг 1. ㄱ үгийн эхэнд К, бусад тохиолдолд Г 10. ㅋ К 2. ㄴ үеийн адагт - НЪ, бусад тохиолдолд Н 11. ㅌ Т 3. ㄷ Д 12. ㅍ П 4. ㄹ дэвсгэрлэсэн үед - ЛЬ, бусад тохиолдолд Р 13. ㅎ Х 5. ㅁ М 14. ㄲ Гь 6. ㅂ үгийн эхэнд - П, бусад тохиолдолд Б 15. ㄸ Дь 7. ㅅ ㅣ, ㅑ, ㅕ, ㅛ, ㅠ, ㅟ-ийн өмнө - Ш, бусад тохиолдолд С 16. ㅃ Бь 8. ㅇ Н (эгшгээр эхэлсэн үеийг тэмдэглэхдээ тэг хэлбэрээр 17. ㅆ Сь илэрнэ) 9. ㅈ Ж 18. ㅉ Жь 10. ㅊ Ч 13
Эгшиг үсгийн галиг Хангыль Галиг Хангыль үсэг Галиг үсэг 1. ㅏ А 11. ㅐ Ае 2. ㅑ Я 12. ㅒ Еэ 3. ㅓ О 13. ㅔ Э 4. ㅕ Ё 14. ㅖ Еэ 5. ㅗ У 15. ㅘ Уа 6. ㅛ Урт эгшиг Юу, богино эгшиг - Ю 16. ㅚ Уи 7. ㅜ Ү 17. ㅙ Уэ 8. ㅠ Урт эгшиг Юү, богино эгшиг - Ю 18. ㅝ Үо 9. ㅡ Ы 19. ㅟ Үи 10. ㅣ И 20. ㅞ Үэ 21. ㅢ Ыи 14